Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Томуугийн А(H1N1) вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүйждэг онцлогтой тул халдваргүйтгэлийг дараах байдлаар хийж болно. Үүнд: Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор норгосон алчуураар, бүх талбайг сайтар арчиж халдваргүйтгэнэ.
Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйтгэл хийх шаардлагатай.
Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.
Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд 15-20 минутаар агаарыг сэлгэнэ.
Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар норгосон алчуураар арчна .
Цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа савандаж сайн угаагаад, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.
Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр /уусмал, шахмал, хуурай/ - ээр савлагдсан хлорамин нь өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас байгууллага, үйлчилгээний онцлог, халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ зохицуулан хэрэглэж болно.