Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас жил бүрийн 11дүгээр сарын 17-ны өдөр буюу Олон Улсын Оюутны Эрхийн Өдрийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
1939 он буюу дэлхийн 2-р дайны үед Бүгд Найрамдах Чехословак улсад нацизмийн эсрэг оюутны хөдөлгөөн өрнөсөн билээ. Уг хөдөлгөөнд оролцож байсан Прага хотын Чарлес Их Сургуулийн Анагаахын Факультетын оюутан Яан Оплетал 1939 оны 10 дугаар сарын 28-нд гэдсэндээ буудуулж хүнд шархдан, 11 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан юм. 11 дүгээр сарын 15-нд түүний оршуулгын ёслолд оролцохоор мянга мянган оюутнууд ирж, улмаар энэ нь нацизмийн эсрэг хөдөлгөөн болон өрнөжээ. Гэвч 11 дүгээр сарын 17-ны өдөр Нацистууд жагсаалыг хүч хэрэглэн тарааж, 1200 оюутныг хорих лагерьт илгээн, хөдөлгөөнийг удирдаж байсан 9 оюутныг цаазласан байна. Түүгээр барахгүй Чехословак дахь бүх Их, Дээд сургууль, коллежуудыг хаасан байна. Хожим нь 1941 онд Олон Улсын Оюутны Зөвлөл 11 дүгээр сарын 17-ны өдрийг “ Олон Улсын Оюутны Өдөр” болгон зарласанаас хойш эдүгээ 70 жил болжээ.
Эмнести Интернэшнлийн нэг том кампанит ажил нь Хүний Эрхийн Боловсрол олгох явдал юм. Тиймээс Монголын Эмнести Интернэшнл оюутан, залуучуудын эрхийг таниулах зорилгоор олон арга хэмжээ зохион явуулж ирсэн билээ. Урьд жилүүдэд МУИС, ХААИС, МУБИС зэрэг улсын болон зарим хувийн хэвшлийн томоохон сургуулиудад оюутны эрхийг таниулах үүднээс “Эрхээ мэдвэл шоколад шиг амтагдана” үйл ажиллагаа болон оюутны эрхийн сэдэвтэй илтгэлийн уралдааныг зохион байгуулсан юм. Энэ жил H1N1 томуу өвчнөөс үүдсэн онц байдал зарлаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан бид уламжлалт ажлуудын оронд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр оюутан залууст эрхийг нь таниулах, мэдээлэл хүргэх зэрэг ажиллагаа явуулахыг зорьж байгаа юм.
Дээд боловсрол эзэмших гэдэг нь хэн нэгэнд олгосон давуу эрх биш. Хүн бүр эдийн засаг, нийгэм, соёлын болон хувийн зорилгоор боловсрол хүртэх, эзэмших тэгш эрхтэй.
“Оюутан бүр улс төрийн үзэл бодол, шашин, үндэс угсаа болон соёлын гарал, нас хүйс, нийгэм эдийн засгийн байр суурь , хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран аливаа алагчлалгүйгээр энэхүү дүрэмд заасан бүхий л эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй” хэмээн Европын Оюутны Эрхийн Тунхагт заасан байна.
0 comments:
Post a Comment